Sunday, March 23, 2014

Кирил монгол бичгийн дүрэм

Дүрэм 1

Цагаан толгой
А а Б б В в Г г Д д
Е е Ё ё Ж ж З з И и
Й й К к Л л М м Н н
О о Ө ө П п Р р С с
Т т У у Ү ү Ф ф Х х
Ц ц Ч ч Ш ш Щ щ Ъ ъ
Ы ы Ь ь Э э Ю ю Я я

Дүрэм 2

Монгол хэл 35 үсэгтэй. Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж гурав хуваана.
  • Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ.
  • Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ.
  • Цагаан толгойн үсгийн а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг; б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч; ъ, ь хоёр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно.

Дүрэм 3

Эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх а, э, и, о, у, ө, ү үсгийг үндсэн эгшиг гэнэ. Нөгөө я, е, ё, ю, й, ы зургааг туслах эгшиг гэнэ.

Дүрэм 4[засварлах]

Монгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг өргөлтөт эгшиг гэдэг.
Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх тул түүнийг балархай эгшиг гэнэ. Жишээлбэл: Гэрэл, мандах гэдэг хоёр үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм.Балархай эгшигт хос эгшиг, урт эгшиг орохгүй.

Дүрэм 5

Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ.
  • Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ.
  • Я, е, ё, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еү, еө, ёо, ёу, юу, юү гэж тэмдэглэнэ.
  • Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшиг гурвыг давхарлаж бичихгүй.
  • И эгшгийг уртаар бичихдээ эр үгийн ы, эм үгийн ий гэж ялгаж тэмдэглэнэ. Эр үгийн ы эгшиг дан үсгээр тэмдэглэсэн богино эгшгийн хэлбэртэй боловч урт и эгшиг юм. Эм үгийн ий хос эгшгийн хэлбэртэй боловч урт эгшиг юм. Жишээлбэл: Ардын, ордны, өвлийн дэрсний гэх мэт.

Дүрэм 6

Нэг үе болж хавсран орсон хоёр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл: Аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл, гуанз, аугаа гэх мэт. Монгол хэлний хос эгшгийг ай, эй, ой, уй, үй, хааяа уа, ау гэж тэмдэглэнэ. Монгол хэлэнд “өй” гэсэн хос эгшиг хэрэглэхгүй.

Дүрэм 7

Арван гурван эгшгээс:
  • Хэлний угт бүтэх а, о, у, я, ё, ю(у), ы долоог эр эгшиг гэнэ.
  • Хэлний дунд бүтэх э, ө, ү, е, ю(ү) тавыг эм эгшиг гэнэ.
  • Хэлний үзүүрт бүтэх и, й хоёрыг саармаг эгшиг гэнэ. Эр эгшиг орж бүтсэн үгийг эр үг гэнэ. Эм эгшиг орж бүтсэн үгийг эм үг гэнэ.
  • Саармаг эгшгээр бүтсэн үгэнд залгавар залгахад эм эгшиг гардаг учир саармаг эгшгээр бүтсэн үгийг эм үгэнд тооцно. Жишээлбэл: ишиг-ишгээр, жил-жилүүд, чийг-чийгтэй гэх мэт.

Дүрэм 8

Үгийн эхний эгшиг, мөнхүү үгийн дараах эгшгийг ялган тогтоох ёсыг эгшиг зохицох ёс гэнэ. Эгшиг хэлний ба уруулын талаар зохицно. Монгол хэлний нэг үгэнд эр, эм эгшиг хамтран орохгүй. Эр эгшиг эр эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм ямар ч эгшигтэй зохицон орно. Энэ бол эгшиг хэлний талаар зохицох ёс юм. Гажилт:
  • Хоёр үгнээс бүтсэн нэг үгэнд эр, эм эгшиг орж болно. Жишээлбэл: горьгүй, болохгүй, Батгэрэл гэх мэт.
  • Хааяа үгийн эцсийн урт эгшиг энэ дүрмийг зөрчинө. Жишээлбэл: байжээ, болжээ, гарчээ гэх мэт.

Дүрэм 9

Эгшиг уруулын талаар зохицохдоо:
  • Үгийн эхний үед а, у байвал хойшид а дагана. Жишээлбэл: авдартай, уламжлахад, хамгаалахаараа, уулзвар гэх мэт.
  • Үгийн эхний үед э, ү, и байвал хойшид э дагана. Жишээлбэл: эрдэм, үзэгдэхэд, жинхэнэ гэх мэт.
  • Үгийн эхний үед о байвал хойшид о дагана. Жишээлбэл: онгоцоор, оролцоход гэх мэт.
  • Үгийн эхний үед ө байвал хойшид ө дагана. Жишээлбэл: мөнгө, өргөдөл, өндөглөхөд гэх мэт.
  • Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарна. Жишээлбэл: Ёндон, олъё, уралдаантайгаар, үзье, үдэшлэгтэй, инээдэм, уяатай гэх мэт.
Энэ дүрмийг хүснэгтээр үзүүлбэл:
Үгийн эхний үед ийм эгшиг байвал
Хойшид тохиолдох эгшиг нь
а, у -> а
э, ү, и -> э
о -> о
ө -> ө
Гажилт:
  • уу, үү, юу, юү, яу, ёу, еү, иу эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна. Жишээлбэл: орчуулагч, өрнүүлсэн, оёулахдаа, үеүдэд, хориулан гэх мэт.
  • и, ий, ы, эй эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хойшид дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицолд хамаарагдана. Жишээлбэл: ажиллах, хөгжилдөнө, онийсон, нөхөдтэйгөө, өвстэйхөн, доёийсон гэх мэт.

Дүрэм 10

ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм:
  • Урт ы үсгийг эр үгэнд бичнэ. Эм үгэнд ердөө бичихгүй. Жишээлбэл: ардын, нарны, хотыг, уулыг гэх мэт.
  • Эм үгэнд ий үсгийг бичнэ. Жишээлбэл: хүний, эрдмийг, өвлийн, шүлгийг гэх мэт.
  • ий үсгийг эр үгэнд хааяа бичнэ. Үүнд: ж, ч, ш, ь, и, хэлний "г" үсгээр төгссөн эр үгэнд бичнэ. Жишээлбэл: туужийг, ачийн, багшийн, айргийг, ааргийн, харь-харийн, анги-ангийн гэх мэт

No comments:

Post a Comment