Монгол түүхэн бичиг үсгүүд
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Олон зууны туршид Монгол хэлийг бичигт буулгах төрөл бүрийн системүүд зохиогдссор иржээ.
Хамгийн хуучных нь болох Монгол бичиг нь одоо хүртэл хэрэглэдсээр ирж буй, хамгийн их амжилт олсон систем нь юм.
Агуулга
[нуух]Их Монгол Улсын өмнө[засварлах]
Киданууд нь их, бага гэсэн хоёр төрлийн бичигтэй байсан. Эдгээр нь одоо ч гэсэн бүрэн тайлагдаагүй.
- Их бичиг (хятад нэр)
- Ляо улс буюу Кидан улсын үндэслэгч Ельюй Абужи (Амбагян) 920 онд энэ үсгийг анх үндэслэжээ. Хятад ханзнаас гаралтай. Ихэнхдээ дүрс хэрэглэж байсан гэгдэх боловч үсэг хэрэглэж байсан ч байж болно.
- Бага бичиг (хятад нэр)
- Ельюй Абужийн дүү Диэла 924-925 оны үед үндэслэсэн. Уйгур хэл бичгээс гаралтай.
Монгол бичиг[засварлах]
Монгол хэлд зориулан бүтээгдсэн хамгийн анхны болоод хамгийн их амжилт олсон бичиг. Чингис хааны бичгийн түшмэл Тата-Тунга үндэслэсэн. Уйгур бичгээс гаралтай.
Монгол бичгийг өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг.
Монгол Их Гүрэн мөхсөний дараахь хоёр зуун жилд монголчуудын дунд утга зохиол, орчуулгын ажил тасалдаж зогссонгүй, харин бага хэмжээгээр боловч үргэлжлэн явагдаж байсныг 1944 онд Өвөр Монголын Олон сүмийн нуранхай суварганаас олдсон 211 гар бичмэл тасархай хуудаснуудын боодол гэрчилж байгаа юм.
Тэдгээрийн бичлэгийн хэлбэрийн онцлог, мөн бичсэн цаасыг химийн аргаар шинжилсний дүнгээс үзэхэд гар бичмэл тасархай хуудаснууд нь цөм XV зууны эцэс XVI зууны үед хамаарагдаж байгаа ажээ, 211 тасархай хуудасны давуу ихэнх нь буддын шашны холбогдолтой ном судрын орчуулга, зөвхөн дөрвөн хуудас нь шашны бус иргэний агуулгатай (захидал, сүмд өргөсөн зүйлсийп жагсаалт, сургаал) зэрэг болно.
XVI зууны эцсээс эхлэн буддын шашны ном судрыг монголчлох ажил улам хүчтэй болов. Тэр үеэс бичиг ном заах ажил ч идэвхжиж ирсэн байна. Аюуш гүүшийн дэргэд нэлээд олон хиа нар шавилан сууж байсан тухай мэдээ байдаг. Аюуш гүүш бол XVI зууны Монголын эрдэм номтой хүмүүсийн нэг мөн. Тэр нь ялангуяа Монголын орчуулгын түүхэнд их зүйл бүтээснээс гадна энэтхэг, түвэд үгийг монгол бичгээр галиглах ёсыг 1587 онд боловсруулан гаргажээ.
Эдгээр шавь нарын дотор 1621, 1624, 1627 онуудад Халхын Цогт тайжийн чулууны бичээсийг сийлэлцсэн бөгөөд Лигдэн хааны үед орчуулсан монгол Ганжуурын дотор байдаг “Хутагт эрдэнэ гарахын орон” нэрт их хөлгөн судрыг бичсэн Сэцэн дайчин хиа багш байжээ. Аюуш гүүш Юан улсын үед Шаравсэнгийн монголчилсон “Хутагт Банзрагч хэмээх таван сахъяа” гэдэг их хөлгөн судрыг 1587 онд дахин засаж орчуулсан ба мөн “Хутагт цагаан шүхэрт”, “Хар хэлэн нэрт” зэрэг номыг XVI зуунд монголчилсон байна. Аюуш гүүшийн зохиосон галигийг “Али гали” үсэг хэмээн нэрлэдэг нь энэтхэг хэлээр эгшиг гийгүүлэгчийг тэмдэглэх үсэг гэсэн утгатай болно.
Өнө эртний түүхтэй монгол бичиг маань олон монгол хэл, аялгууны авиалбар, түүний хувилбарыг нэгтгэн цөөн тэмдэгтээр тэмдэглэж чадсан боловсорсон бичиг боловч харь орны үгийг нарийн тодорхой тэмдэглэхэд үсгийн тэмдэг дутагдах болжээ. Ер нь ямар ч цагаан толгойн үсгийн тэмдгүүд энэ шаардлагыг хангаж чаддаггүй юм. Тийм ч учраас хэл, хэлний авиаг шинжлэн судлах, сурч мэдэхийн тул тусгай нарийн тэмдэгт үсгүүдийг зохиодог. Ийм үсгийг галиг үсэг буюу транскрипци гэдэг.
Ийнхүү тухайн хэлний бүх авиаг бүх онцлогтой нь тэмдэглэх галиг үсгийг авиан зүйн галиг үсэг гэдэг. Одоо дэлхий дахины олон улсад галиг үсэг хэрэглэхдээ латин цагаан толгойн үсгийг суурь болгож түүнд олон нэмэлт тэмдэг нэмж хэрэглэх заншилтай болжээ. Тухайн хэлний авиалбар, түүний хувилбарыг хэлэхүйн урсгалд нь нарийн тэмдэглэхийг эрхэмлэсэн транскрипци буюу үгчлэн буулгах авиа зүйн галигаас гадна уг хэлний цагаан толгойн үсэг бүрийг үсгийн нэгэн тэмдэгтээр тэмдэглэх транслитераци буюу үсэгчлэн буулгах галиг гэж байдаг. Бид одоо монгол бичгээ сурахдаа үсэгчлэн буулгах галиг хэрэглэн агула (уул), халагун (халуун), шибагу (шувуу) гэх мэтээр тэмдэглэж байгаа билээ.
1587 онд Харчины Аюуш гүүш монгол бичгийн галигийн тогтолцоог зохион боловсруулжээ. Монгол бичгийн хэлний түүхэн хөгжлийг монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов гурван үетэй гэж үзсэн бөгөөд өдгөө хүртэл дэлхийн монголч эрдэмтэд даган баримталж байна. Тэрхүү хөгжлийн үе бүрийн онцлогийг монголч эрдэмтэн Г.Д.Санжеев ”Монгол хэлнүүдийн харьцуулсан хэлзүй” хэмээх номдоо: “Нэгдүгээр үе нь 13 дугаар зууны эцсээр төгссөн бөгөөд энэ үед монгол бичиг үсгийг гол төлөв төрийн бичиг хэрэгт хэрэглэж байжээ. Хуучин монгол бичгийн хэлний хоёрдугаар үе нь 14 дүгээр зууны эх, 16 дугаар зууны эцсээр тохиолдох бөгөөд энэ үед монгол бичгийн хэл нь төрийн бичиг хэрэгт үргэлжлэн үйлчилж мөн бурхан шашны ном судрыг монгол хэлэнд орчуулахад өргөнөөр хэрэглэгдэж эхэлжээ. Чухам энэ үед уйгар, согд, хотон, кучар, карашар, перс ба бусад хэлний үгс хуучин монгол хэлэнд олноор нэвтрэн оржээ. Мөн монгол хэлэнд уйгар, иран үгс нэвтрэн орохын хамтаар нэлээд тооны араб үгс тэр ч байтугай грек үгс хүртэл орсон байна. Энэ үеийн туршид мөн урьдах үеийн нэгэн адил уйгар үсгийг зөвхөн бичих хэлбэрийг бяцхан өөрчилж бараг хэвээр нь хэрэглэсээр байжээ. Энэ учраас эл хоёр үеийн цагаан толгойг уйгаржин монгол үсэг гэж нэрлэдэг байна. Хуучин монгол бичгийн хэлний хөгжлийн гуравдугаар үе нь 16 дугаар зууны эцэс 17 дугаар зууны эхэн үеэс эхэлсэн бөгөөд энэ үеэс уул хэл ба цагаан толгойн аль аль нь үлэмжхэн өөрчлөгдсөн байна. Тухайлбал ойлгогдохгүй болсон хуучин үг хэллэгийг нь шинэ үг хэллэгээр сольж ардын нутгийн аялгууны зүйл өргөнөөр нэвтрэн орох зам нээгдээд хуучин уйгар, иран үгс байсны зэрэгцээ төвд үгс нэвтрэн орж эхэлжээ. Мөн бичиг нь хувиран өөрчлөгдөж цагаан толгойн зарим үсгийг нарийвчлан тодотгож хэрэглэх болов. Энэ бүгдийн үрээр сонгодог монгол бичгийн хэл бүрэлдэн тогтож энэхүү хэлийг БНМАУ-д сүүлийн үе хүртэл утга зохиолын хэл болгон хэрэглэж БНМАУ-ын монголчууд одоо хүртэл хэрэглэсээр байна” гэж тодорхойлжээ.
Монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үе буюу сонгодог бичгийн хэл буй болоход монгол бичгийн галигийн тогтолцоог боловсруулан зохиосон нь үлэмж нөлөө үзүүлсэн бөгөөд академич Б.Ринчен: “Аюуш гүүшийн галиг үсэг зохиосноос хойш олон ном судар орчуулсан, зохиосон зүйлд тэр галигийг нь хэрэглэсэн цаг нь яг монгол хэлний шинэ үе гэж шинжилсэн үе таарах тул шинэ үеийн эх нь тэр галиг зохиосон оноос тоолж болох магадлал баримтыг нь бид олжээ” /Ш.Чоймаа. Галиг үсэг. хэмээн бичсэн буй
Аюуш гүүшийн галиг үсгийг “Али-гали”-ийн үсэг гэж бас нэрлэх бөгөөд али- эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн санскрит үг ажээ. Галиг гэдэг үг маань ч энэхүү гали гэсэн үгтэй гарал нэг буй. Аюуш гүүш санскрит хэлний 16 эгшиг, 34 гийгүүлэгч, төвд хэлний 4 эгшиг, 30 гийгүүлэгч үсгийг монгол бичгээр бичих галигийг зохиохдоо монгол бичгийнхээ авиан зүй, үсэг зүй, санскрит төвд хэлний авианзүйн онцлогийг тун нарийн ажиглан шинжилсэн байдаг. Аюуш гүүшийн галиг үсэг нь гадаад үгийг үгчлэн буулгах (транскрипци), үсэгчлэн буулгах (транслитераци) хоёр зүйлийн галигийг нэгэн хамтад гүйцэтгэж чадах галиг үсгийн тогтолцоо болсон юм. Аливаа үсэг бичиг түүнд хийсэн шинэтгэл хэр зэрэг шинжлэх ухаанч болж вэ? Гэдгийг хожим яаж түгж дэлгэрснээр нь багцаалж болох билээ. Ингэж үзвэл Аюуш гүүшийн галиг үсгийг зохиосон цаг үеэс нь эхлэн төвд, санскрит хэлнээс орчуулсан нэн арвин судар номд нарийн чанд мөрдөн хэрэглэж ирсэн билээ. Одоо бидний хэрэглэж байгаа монгол бичгийн цагаан толгойн гадаад үгийг тэмдэглэдэг П, Ф, Ц, З, К, ЛХ зэрэг үсгүүд бол мөн л Аюуш гүүшийн зохиосон галигаас авчээ. Банзрагч буюу таван сахияан хэмээх судрын доторхи санскрит хэлний тарнийн үгийг али галгийн үсгээр (Аюуш гүүшийн галигаар) анх тэмдэглэсэн гэж академич Ц.Дамдинсүрэн бичжээ.
Монголчуудын дунд “Бардам бандиар банзрагч уншуул, Бардам хүүхнээр панс оёул” гэсэн зүйр үг байдаг. Энэ нь Банзрагч хэмээх судар бол зүгээр төвд үсэг гаргаад уншдаг банди уншиж чадахгүй, тарни унших аргыг мэддэг лам шударга уншиж чадах тарнийн үг элбэгтэй судар болохыг хэлж байгаа билээ. Нууц увдис тэргүүтэнтэй холбоотой тул судрын доторхи тарнийн зүйлийг ер орчуулдаггүй тэр хэвээр нь буулгадаг уламжлалтай билээ.
Ийм учир төвд хэлнээс өдий төдий хөлгөн судар орчуулахдаа түүнд гарах тарнийн зүйлийг али-галийн үсгээр л буулгадаг журамтай байжээ. Аюуш гүүшийн зохиосон галиг үсгийн тогтолцоо нь хожмын хэлний мэргэдийн бүтээлд их нөлөө үзүүлсэн бөгөөд тухайлбал ойрадын Хошууд яст Гөрөөчин отгийн Шангас овогт их бандида Огторгуйн далай буюу Намхайжамцын тод бичгийн галигт их тодорхой харагддаг. 1648 онд тод бичгийг зохиосон ойрдын зая бандид Намхайжамц энэтхэг төвд үсгийг тэмдэглэх тод бичгийн галиг үсэг зохиосон бөгөөд олонхи үсгийн хэлбэр нь Аюуш гүүшийн галиг үсэгтэй яг тохирдог байна. Харин зарим үсгийн хэлбэрийг аль болохоор төвд үсгийн хэлбэрт ойртуулахыг хичээсэн тал ажиглагддаг юм.
Ийнхүү 1587 онд Аюуш гүүш монгол бичгийн галиг үсгийн тогтолцоог буй болгосноор их бага таван ухааны үлэмж арвин ном судрыг төвд хэлнээс монгол хэлэнд саадгүй орчуулах нөхцөлийг бүрдүүлж, монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үеийг эхлүүлжээ. Аюуш гүүшийн галиг үсэг болон хожим манж, хятад хэлний зарим авиаг тэмдэглэх цөөн үсэг нэмсэн монгол үсгийг хэрэглэн гадаадын ямар ч үгийг тэмдэглэх бүрэн боломжтой болжээ.
Монгол бичгийн галиг үсэг нь үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр зүйлийн хэргийг хамтад гүйцэтгэдэг байсан тул үсэгчлэн буулгасан галигийг зөв уншихын учир эрх биш төвд хэлийг гадарлах нь чухал байдгийг дурдах хэрэгтэй юм. Урьд өмнийн бичгийн хүмүүс төвд, манж зэрэг хэлийг сайн мэддэг байсан тул төвдөөр өгсөн монгол хүний нэрийг бичихдээ ч төвдөөр нь яаж бичдэгийг тун чанд баримтлан бичдэг байсан. Монголчуудын хэрэглэж ирсэн олон зүйл бичиг үсэг нь бүгд л өөр өөрийн тогтолцоондоо тохирсон, тухайн зорилго, шаардлага хангасан галиг үсэгтэй байжээ. Жишээлбэл дөрвөлжин бичгийн цагаан толгой 41 үсэгтэй байснаас жинхэнэ үгийг тэмдэглэхэд хэрэглэдэг үсэг нь 28-аас хэтрэхгүй юм.
Монголчууд өөрийн үсэг бичгээ улам боловсронгуй болгох, дэлхийн олон улс орны соёлоос хүртэж харилцаа холбоогоо өргөтгөхөд монгол галиг үсгийн тогтолцоо эрхэм үүрэгтэй байжээ
Тод бичиг[засварлах]
Ойрадын лам Зая Бандид Намхайжамцын 1648 онд зохиосон. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулах, мөн төвд ба санскрит хэлүүдийг хялбар бичих зориулалтаар бүтээгдсэн. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй. 1924 он хүртэл Орос дахь Халимагууд хэрэглэж байсан. Хятадын Шинжаан мужид Ойрадууд одоо болтол хэрэглэдэг.
Вагиндрагийн үсэг[засварлах]
Вагиндрагийн үсэг нь 1905 оны үед Буриадын лам Агваандорж монгол, тод үсэгт тулгуурлан зохиосон буриадын шинэ үсэг юм. Вагиндра үсэг монгол болон тод бичгийн аль алинаас ялгарах нэг гол ялгаа нь үгийн эхэн, дунд, адагт орох үсгийн дүрс хэлбэр хувирах ёс байхгүй. Энэ нь орос (кирилл), славян зэрэг өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө юм. Вагиндрагийн үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар нэлээд хэдэн ном хэвлэн гаргажээ.
Дөрвөлжин бичиг[засварлах]
Дөрвөлжин бичиг нь Хубилай хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд Монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.
Дөрвөлжин бичиг нь монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал Юань гүрнийг мөхтөл албан бичиг болгож (1368) хэрэглэгдэж байжээ. Зарим судлаачид дөрвөлжин бичгийг солонгосын хангыл үсгийн үндэс болсон гэж үздэг.
Соёмбо үсэг[засварлах]
Соёмбо үсэг нь 1686 онд Гомбодоржийн Занабазарын зохиосон, Монгол, Санскрит, Төвд үг бичихэд зориулагдсан, Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс гаралтай 90 үсэг бүхий бичгийн хэл юм. Соёмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан.
Соёмбо гэж санскрит хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай. Соёмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.
Хэвтээ дөрвөлжин үсэг[засварлах]
Соёмбо үсгийн хамтаар Занабазар нь хэвтээ дөрвөлжин үсэг гэгчийг зохиожээ. Энэ нь 1801 онд л дахин нээгдсэн бөгөөд одоогоор хэрэглээ нь тодорхойгүй.
Латин үсэг[засварлах]
1941 оны 2 сарын 1-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс латин үсгийг албан ёсныхоо бичгээ болгосон боловч хоёрхон сарын дараа буюу 3 сарын 25-нд энэ шийдвэрээ буцаажээ. Албан ёсоор бол Монгол хэлний бүх дуу авиаг тэмдэглэж чадахгүй байсан тул больсон гэсэн хэдий ч дараахан нь ЗХУ-ын бүрэлдэхүүн улсуудтай бараг нэгэн зэрэг кирилл үсгийг албан ёсны болгосон тул энэ нь улс төрийн бодлого байсан байж магадгүй.
Кирилл үсэг[засварлах]
Кириллийг 1946 онд Монголын албан ёсны бичиг болгосон. Монголд хэрэглэгдэж буй кирилл цагаан толгой нь Оросынхоос 2 үсгээр илүү (ө, ү).
Кирилл нь Грек үсгээс гаралтай бөгөөд IX зуунд амьдарч байсан Болгарын Кирилл, Мефодий Гэгээнүүд түүнийг стандартчилсан гэдэг.
Бусад[засварлах]
Монгол хэлийг мөн Хятад, Араб бичгээр тэмдэглэж байсан. Арабаар бичигдсэн монгол хэлний толь бичиг байдаг бол Монголын соёлын анхныд тооцогдох бичгийн дурсгал болох "Монголын Нууц Товчоо"-г Монгол хэлийг Хятад ханзаар галиглан бичсэн хувилбар нь өнөөгийн хувилбаруудын эх болж байна.
Гадаад холбоос[засварлах]
Викимедиа дуу дүрсний сан: Mongolian writing |
- The Silver Horde: Mongol Scripts
- The Mongolian language and scripts, Tseveliin Shagdarsuren, Indiana University
- Inkway Mongolian Calligraphy
эх сурвалж:
http://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D1%82%D2%AF%D2%AF%D1%85%D1%8D%D0%BD_%D0%B1%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3_%D2%AF%D1%81%D0%B3%D2%AF%D2%AF%D0%B4
No comments:
Post a Comment