Уучлал
Гэрлээд 11 жил өнгөрсөн хойно удтал хүлээсэн хүү нь мэндэлжээ.Хосууд ч бие биендээ улам л дотносож, газар дээрх ганц хүүгээ нүдний цөцгий мэт хайрлана.Нэгэн өглөө хүүгийн аав гал тогооныхоо өрөөнд эмний хоосон шил байхыг хараад эхнэрээсээ юу болохыг асуув.Харин бүсгүй сандран ухасхийж гал тогоондоо мартаж орхисон эм рүүгээ гүйлээ.Хүү дөнгөж 2хон настай болохоор эмний өнгөлөг шилэнд хууртаж тоглоод дотор нь байсан эмийг дуустал нь уучихсан байв.Эцэг эх хоёр нь гал тогоонд орж ирэх мөчид хүү тамирдан унажээ.Ээж нь хүүгээ тэврэн ойролцоох эмнэлэг рүү гүйн хүрэхэд хүү аль хэдийнэ амьсгал хураасан байв. Хүүгээ амьсгал хураах мөчид нь байсан гэдгээ ч ухаарч амжаагүй бүсгүйд газар дэлхий цөмрөх шиг л санагдаж хамаг бие нь салганан чичирч зогсоно. Харин хүүгийн аав тэдний араас орж ирээд ухаан самуурсан эхнэрээ, нэгэнт амьгүй болсон хүүгээ хараад хэсэг дуугүй зогсоод гуравхан үг хэлэв. Харин тэр гурван үг нь юу байсан гэж та бодож байна.
Тиймээ бүсгүйн нөхөр зүгээр л "Би чамд хайртай" гэсэн юм. Мэдээж тэр хүүдээ хязгааргүй хайртай байсан. Энэ бүх гэнэтийн явдлыг хараад эхнэрээсээ ч дутуугүй цочирдсон нь мэдээж. Хүү нь нас барсан болохоор хэзээ ч, яагаад ч буцааж амилуулж боломжгүй шүү дээ. Тэр эхнэрээсээ ямар ч буруу хайсангүй. Магадгүй өөрт нь буруу байсан байж мэднэ. Хүүгээ гал тогооны өрөө рүү явахад нь огт тоохгүй явуулсан түүний буруу ч юм билүү? Магадгүй тэр эмний хоосон шилийг харчихаад цаг алдалгүй шууд эхнэрээсээ асуусан бол хүүгээ аварч амжих ч байсан юм билүү. Хэнээс ч бурууг хайхыг тэр хүсээгүй. Бүсгүй ч гэсэн адилхан цорын ганц хүүгээ алдсан. Тэр өөрийгөө дээд зэргээр буруутгаж байгаа. Ингээд эхнэр нь нөхрийнхөө үгийг сонсоод түүнд нөхрөөс нь өөр хэн ч үлдээгүй гэдгийг илтгэх мэт өмнө нь сөхрөн унажээ.
Заримдаа бид юунаас болж, хэнээс болж, яагаад зэрэг асуултуудад ээрэгдэж ихэнх цаг хугацаагаа өнгөрөөдөг. Энэ учир утгагүй олон асуулт, хэн нэгнийг буруутгах үзлээсээ болоод өөрт байгаа бүхнээ ч нэмж алдахад хүрдэг нь нууц биш. Хамгийн нандин зүйлээ алдсан ч гэлээ, үлдсэнийг нь нэмж алдаад өөрийгөө буруутгаж үлдэхгүйн төлөө бид уучилж сурах хэрэгтэй.
No comments:
Post a Comment